2027 онд Ангараг гариг дээр уулзацгаая.

SpaceX компанийн үүсгэн байгуулагч Элон Маск өнгөрсөн сард Мексикт болсон сансар
судлалын хуралд оролцох үеэрээ Ангараг гаригийн төслөө танилцуулсан билээ. Түүнийхээр SpaceX-ийн багийнхны зохион бүтээсэн сансрын хөлгөөр Ангараг гаригт 80 хоногийн хугацаанд явж хүрэх бөгөөд хөөрөхдөө дэлхийгээс шатахууны хоосон танк аван тойрог замд орсныхоо дараа шатахуунаа цэнэглэх аж. Элон Маскийн танилцуулснаар эхний ээлжинд дэлхийгээс хүмүүсийг Ангараг гариг дээр аваачин, тэндээ түлшний үйлвэр барьж, сансрын хөлгөө цэнэглэн, амьдрах орчинг бий болгосны дараа дэлхий рүү буцан ирж, хүмүүсийг зөөвөрлөх юм.

Одоогийн байдлаар нэг удаагийн аялалд 100 орчим хүн тээвэрлэх боломжтой гэж үзэж байгаа ба удахгүй энэ тоог 200 болгоно хэмээн багийнхан төлөвлөжээ. Сансар руу аялахын тулд нэг хүнээс ойролцоогоор 200 мянган ам.доллар шаардагдахаар байгаа юм. Ингэхдээ Дэлхий, Ангараг гаригийн байрлалаас шалтгаалаад аяллын хугацаа 80-150 хоногийн хооронд байх аж.

Тэрээр “Бидний гол зорилго бол Ангараг дээр байнгын, суурин амдралыг бий болгох. Хүмүүсийг Ангараг руу илгээснээр тэд үлдсэн амьдралынхаа туршид тэнд амьдрах боломжтой болно. Гэхдээ тэндэх амьдралыг суурин тогтвортой болгосны дараа хүмүүсийг зөөвөрлөх боломж бүрдэнэ. Үүний тулд хамгийн гол нь бидэнд маш сайн багийн ажиллагаа шаардлагатай. Сансар руу явах хүн бүрийн амь нэгнээсээ хамааралтай байх тул маш анхааралтай, хариуцлагатай байх хэрэгтэй. Ингэж чадвал бид Ангараг гариг дээр амьдралыг бий болгох зорилгодоо хүрч чадна. Бүрэн итгэлтэй байна. Сансар руу явах багийнхныг олон нийтээс сонгох болно. Ангараг руу илгээсэн хүмүүсийг буцаан авчрахаасаа илүүтэйгээр нэмэлт багийнхныг тогтмол илгээх бодолтой байгаа. Удахгүй Ангараг гаригийн төслөө олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулж, бодитоор хэрэгжих болно. Манай компани Ангараг гаригт амьдрал байгааг нээж, хүмүүсийг илгээсэн анхны компани байх болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.

Ангараг гариг дээр ус бий

Ангараг гариг дээр амьдрал байгаа байхгүй зэргээр эрдэмтэд одоо хүртэл олон янзын таамаг, судалгаа танилцуулсаар байна. Өнгөрсөн жилийн энэ үед гэхэд Ангараг гариг дээр ус байгааг харуулсан зураг дэлхий нийтэд цацагдсан билээ.

Tус гаригийн агаарын хэм ойролцоогоор -48-80 хэмийн хүйтэн байдаг. Гэхдээ дулааны улиралд зарим хэсэг газраар +20 хэмийн дулаантай болдгийг сансар судлаачид баталжээ. Дулаарлын энэ үед тус гаригт ус урсдаг болох нь ийнхүү нотлогдсон байна. Энэ талаар Вашингтон дахь “НАСА”-гийн удирдах албаны дарга, сансрын нисгэгч Жонн Грансфелд “Бид Марс дээр олон жилийн өмнөөс сансар дээр ус урс байж болзошгүй талаар таамаг дэвшүүлэн судалж байсан. Урт хугацааны дараа бид үүнийг баталж чадлаа. Энэ бол маш том дэвшил юм” хэмээн мэдэгдсэн. Одон орон, сансар судлаачид өмнө нь Ангараг гаригийн туйлууд дээр мөс байгааг тогтоосон бөгөөд эрт үед их хэмжээний ус байсан гэж үздэг ажээ.

Эх сурвалж: CNN /ХАРЬ ГАРИГ СОНИРХОГЧИД/

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн